Thursday, December 11, 2008

Эм зөөгч


Нанотехнологийн тухай ойлголт бидний хувьд цоо шинэ байхаа больжээ. Компьютер, мэс заслын хайлдаг утас, гоо сайхны бүтээгдэхүүн гээд бид нанотехнологийн тусламжтайгаар хйисэн зүйлүүдийг хэрэглэж байна. Өнгөрсөн жил л гэхэд энэхүү технологийг ашиглан ахуйн хүрээнд хир болдоггүй хувцас бүтээсэн тухай мэдээлж байлаа.

Одоо эрдэмтэд нанотехнологи ашиглан “эм зөөгч” бүтээж байгаа гэнэ. Дэлхийн том эмийн үйлдвэрүүд үүнд анхаарлаа хүчтэй хандуулж эхэлжээ. Энэхүү эм зөөгч нь эмийг очих ёстой эмгэг дээр нь шаардлагатай тунгаар түргэн зөөж хүргэх үүрэгтэй. Нанотехнологийн ач тусаар эмийн кинетикт хувьсгал гарч эхэллээ гэж ойлгож болох нь. Ямар нэгэн өвчин тусвал бид эм уудаг. Тэр эм нь замдаа задарвал бусдада эд эрхтэнүүдийг хордуулах аюултай. Эсвэл үндсэн үйлчилгээгээ алддаг тохиолдол гардаг. Энэ тохиолдолд нано материалтай маш жижиг бөмбөлөг дотор эмээ хийгээд уухад яг тэр өвчний голомт дээр очиж үйлчилдэг болох боломжтой юм. Үүнийг л эм зөөгч хэмээгээд байгаа билээ. Мөн арьс, яс зэрэг хүний гэмтсэн эд, эрхтнийг нанотехнологи ашиглаад маш хурдан нөхөн сэргээх боломжтой болох аж. Ясны хугаралтыг манайхан хадаасаар хадаад, эдгэсэн хойно нь өнөөхөө авдаг шүү дээ. Тэгвэл тэрхүү хадаасны материал яваандаа өөрчлөгдөн хүний биед уусч шингээд алга болдог болох жишээтэй. Биед гадны зүйл байхгүй болно гэсэн үг. Өдгөө нанотехнологид суурилан иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн хийгээд эхэлсэн байна.

Мөн хүний биед маш жижиг мэдрэгч суулгаад, тэр нь тухайн хүн ямар өвчнөөр өвдөх гэж байна, биед ямар өөрчлөлт гарч байна гээд эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллийг өгөх боломж ч гарч ирнэ гэж байгаа.

Эдгээрийн зарим нь хэдийнэ амьдралд нэвтэрсэн зүйл. Зарим нь тун удахгүй бидний амьдралд нэвтрэх зүйлс. Энэ мэт шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ачаар хүн өвчний улмаас үхэхгүй, залуу насаа удаан хугацаагаар хадгалах боломж нээгдсээр л байна.

No comments: