Tuesday, December 9, 2008

Дөрвөлжин шугамтай дэвтэр


Одоогоор Монгол ба Монголоос дээш хөгжилтэй орнуудийн сэтгүүлч сурвалжлагч нар үзэг барихаа больчихсон. Бал болон балын харандаа бас хэрэгцээнээс гараад байна. Товчхондоо чернель дүрж, үзэг хэрэглэхээс илүү компьютер дээр алдаагүй түргэн бичих дадал чухал биз ээ.
Аливаа бичиг хэргийг гараар буюу бичмэлээр бичих, түр тэмдэглэх шаардлага бол хаягдахгүй байх. Түүнээс эртний их бичгийн хүмүүс шиг хэдэн арван хуудсаар нь жирийтэл бичих, зурах, шугамдах хэрэгцээ хүн бүрт тохиолдох нь юу л бол.
Манай боловсролын салбарт багш нар хүүхдийг гоё бичиж сургах гэж багагүй цаг зав гаргадаг юм байна лээ. Улсаас тогтоосон мөрдлөг ёсоор бага насны хүүхэд эхлээд налуу шугамтай дэвтэр дээр, дараа нь тууш шугамтай дэвтэр дээр хичээлээ бичнэ. Дунд сургуулийг төгсөн төгстөлөө ямар нэгэн шугам бүдэгхэн татсан цаасыг ашиглана, компьютер дээр түргэн бичихийг харин заадаг билүү. Тэгсэн атлаа ажил амьдрал дээр өргөдлийг л лав ямар ч шугамгүй цаасан дээр бичүүлэхийг шаардахаас гадна гараар бичигдсэн албан хэрэг хүчингүй болоод явчихдаг.
Хүүхдүүдээр баахан хуулан бичлэг хийлгэдэг нь бичиг номоор залхаах гэсэн цаад санаа биш ч шугам хэмжээс нь оюун санааны хүлээс болдог. Иймэрхүү жижиг сажиг хэрэг болохгүй хоцрогдол боловсролын салбараар дүүрэн байдаг. Энэ дашрамд сонирхуулахад ямар ч шугамгүй цагаан цаасан дээр юм бичихэд хүний сэтгэх чадвар эрс нэмэгддэг. Шугамгүй цаас хүүхдийн өмнө байхад эхлээд ганцаардал үүсэн боловч дараа нь бие даасан байдал, эрх чөлөө, ухаарал орж ирдэг.
Дөрвөлжин шугамтай дэвтэр бол тэр чигээрээ л хаалттай нийгэм гэсэн үг. Шугамандаа багтааж бичнэ. Хайрцаган дотроо л сэтгэнэ.
Тэгэхээр хүүхдийг багаас нь бус дундаас нь цагаан цаас хэрэглүүлбэл ямар вэ? Одоо сүүлдээ шугамгүй тэмдэглэлийн дэвтэр ч олдохоо больж дээ.

1 comment:

xvv said...

Бид бүгд шугамтай цаасан дээр л бичиж эхэлсэн. Тэглээ гээд тэгтлээ хязгаарлагдмал сэтгээд байдаг нь юу л бол. Харин ч нямбай бичих хичээл нь хүнийг ямар нэгэн зүйлд нямбай болгодог л гэж боддог. Тэрнээс чухал хоцрогдлууд байгаа байхаа...