Sunday, November 1, 2009

Хууль зөрчмөөргүй байна

Шалдан явж байхад тань хэдэн цоорхой өмд байж л дээ. Тэгэхээр нь цоорхой юм чинь гээд өмсөлгүй огт өмдгүй шалдан явах нь зөв үү?

Тэгвэл хуулиуд нь цоорхой тэгш эрхтэй бүгдэд үйлчилдэггүй гээд бүх хуулийг дагахгүй, ёс суртахууны жирийн хэм хэмжээг нийтээрээ зөрчин, зөрчигсдийг гааруулж дэмжих нь зөв үү?

Хулгай хийчихээд тэрийгээ зарах гээд явж байгаа хүний юмыг хэдий өөртөө ашигтай байсан ч өө энийг аваарай гээд сурталчлах нь зөв үү? Худалдаж аваад байх нь зөв үү?

Монголын маань олон веб сайтуудын нэр хүндэд хүрдэг арга замууд нь ВАРЕЗ буюу хууль бус хулгайн програм хангамж, кино, дууг үнэ төлбөргүй тараах, хулгайлан хямд үнээр тарааж хэрэглэгчдийг татах явдал байдаг. Үүнийг бүүр гар утасны том операторууд гээд том компаниуд нь хүртэл "хөхүүлэн дэмжиж" тэдгээр сайтууд дээр сурталчилгаагаа ба
йршуулдаг. Үүнд нь хяналт тавьдаг цэрэг, цагдаа ч огт байдаггүй. Гадаадын нэр хүндтэй ямар ч том компани хэзээ ч ийм хууль бус зүйлийг дэмжсэн үйлдэл хийдэггүй. Хэрэв ийм зүйл хийвэл ёс суртахууны хамгийн дорой гэдгийг илэрхийлдэг, тэр компанийн нэр хүндийг хамгийн дорд гэж харагдуулах зүйл болно. Тэдний өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэн нэгэн нь ингээд хулгайгаар тараагаад, ашиглаад байвал юу болох вэ гэдгийг бодож үзэхгүй байна гэдэг бол үнэхээр мулгуу хэрэг болох юм.

Хэрэглэж байгаа хүмүүс нь ч тэдгээр програм хангамж кино бүгд үнэтэй, ингээд үнэгүй хэрэглэж байгаа нь хулгай хийж байгаа хэрэг гэдгээ ойлгодоггүй. Зүгээр л компьютер ланд дээр очоод CD бичүүлэхэд төлж байгаа мөнгө, зах дээрээс авсан киноны CD-нд төлсөн мөнгө л үнэ нь гэж ойлгодог. Гэтэл тийм биш юм аа. Түүнийг бүтээсэн хүмүүсийн оюуны өмчийг тэдгээр хүмүүс хулгайлаад, танд хямдхаан зараад байгаа хэрэг.

Гэхдээ л хүмүүс ойлгохгүй байна гээд хууль үйлчлэхгүй байж болохгүй шүү дээ. Хуулийн дагуу байх огт боломжгүй бол нэг хэрэг. Гэтэл хуулийг зөрчихгүй байх боломж, мянга мянган үнэгүй програм хангамжууд, үнэгүй кинонууд цаагуур чинь дүүрэн л байна. Уйдаад кино үзмээр байвал www.youtube.com руу ороод кино үз л дээ. Өөрсдөө камераа авч найзуудаараа гараад кино хийгээд бусаддаа үнэгүй үзүүлье л дээ. Харин бид хулгайч биш байцгаая.

Би ч гэсэн өөрөө хууль бус зүйлс хэрэглэдэг, сурталчилдаг байсан, түүнийгээ өмөөрдөг байсан. Гэхдээ энэ бүхнээс салахад ганцхан алхам л хэрэгтэй байдаг.

Америк, Япон хүний юмыг хулгайлахаар хулгай биш юм байлгүй дээ гээд хараад сууж байхад Монголчуудаасаа ч бас ичих нүүргүйгээр хулгай хийнэ. Шинэ кино, шинэ програм гармагц хулгайн хуулбарууд зүв зүгээр, ямар ч хяналтгүй өөрийн юм аа зарж байгаа мэт зарагдаж, татаад ав май хэмээн "шилийн сайн эрс" болцгооно.
За хулгай хийдэг нь хийдэг л юм байж, гэтэл тэрийг нь бүүр хөхүүлэн дэмжээд, сурталчлаад, найздаа холбоосыг нь илгээгээд байж болох уу?

"Хэрэглэгчдийн нийтэлсэн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй" гэж бичсэн элдэв веб сайтууд хууль зөрчсөөр л байна. Үнэхээр хяналт тавиад тэр сайтаа ажиллуулж чадахгүй юм бол ажиллуулах ёсгүй юм шүү дээ! Хуулиараа бол хянаад ажиллуулах үүрэгтэй. Тэгж л их хянаж чадахгүй их хэрэглэгчтэй болчихоод байгаа бол нэг хүн аваад цалин өгөөд ажиллуул л даа. Хэдхэн цагийн дотор л хяначихна шүү дээ. Үнэн хэрэгтээ хүсэхгүй л байгаа хэрэг. Дурын мэдээний сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншихад л замбараагаа алдсан байдаг.
Мэдээлэл түгээж байгаа, юм хийж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ энэ байдал арай хэтэрхий удаж байна. Одоо энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ веб мастеруудаа!

Манайх blogmn.net сайтынхаа нүүр хуудсанд бусад индэр болсон блог, иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайтууд болон зарим сайтуудын холбоосыг сайн дураараа байрлуулдаг. Гэхдээ тэдний агуулгыг хараад тавих, хасах зэрэг арга хэмжээ авдаг. Одоо monkey.mn сайт байгаа. Харин энэ байдлаараа хууль зөрчөөд байвал бид хасах болно. Урьд нь бас blog.banjig.net хэт замбараагүй болж ирсэн тэр үед бид хассан. Харин өнөөдөр ороод харахад арай дээр болжээ. Гэхдээ л хууль бус кино зэрэг нь байсаар л байна.

Саяхан www.monkey.mn гээд сайт шинээр нээгдсэн. Их аятайхан, зөв шийдэлтэй, өнгө дизайн нь ч хүртэл их таалагдсан маш гоё сайт. Манайх ч нүүр хуудсандаа холбоосыг нь байрлуулсан байгаа. Харин тэд бас л сүүлийн хэдэн өдөр нүүр хуудсан дээр нь бас л нөгөө "хулгайч" нарыг "сурталчилсан" байх юм. Энэ тал дээрээ анхаараасай гэж сануулангаа бас энэ сайтыг рекламдчихъя ирмэхУдахгүй арга хэмжээ авах байх гэж найдаж байна. Өөрсдийн нэр хүндээ бодсон ч тэр иймэрхүү зүйлсээс одоо бид татгалзах, өөрсдөө хийх, бусдын эрхийг зөрчилгүй өөрөө эрхээ эдлэх, бусдын эрхийг бүдүүлгээр зөрчигчдийг хориглохгүй юм аа гэхэд дэмжихгүй байх цаг нь иржээ.

Мөн бид зарим нэг хууль зөрчсөн веб сайтуудын холбоосыг шууд автоматаар өөрийн сайтад оруулахгүйгээр бичлэг сэтгэгдлүүдэд хориг хийдэг, үүнээс болж олон ч хэрэглэгчээ алдаж, их ч шүүмжлэлд өртөж байсан.

Гэхдээ бид хууль зөрчихгүйг хичээж, зөрчигсдийг дэмжихгүй байхыг хичээсээр ирсэн, цаашид ч хичээх болно. Үүнийгээ сайтынхаа үйлчилгээний нөхцлөөр зохицуулаад явах бүрэн боломжтой байдаг.

Бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэхийг биднээс шаарддаг. Гэвч тэдгээр "Эрх чөлөөг хамгаалагч" хүмүүс маань "Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг" гэдгийг мартаж тэдгээр өөрийнхөө эрхийг эдлэх гэсэн хоорондоо зөрчилдөөнтэй мянга мянган өөр үзэл бодолтой хүмүүсийн хоорондын нийгмийн харилцааг зохицуулах гэж энэ "ХУУЛЬ" гэгдэх зүйл байгаад байгааг мартаад байгаа бололтой юм.

Нэг нөхөр интернет дээр "Би хүний мах идмээр байна. Надад махаа идүүлэх хүн байна уу?" гээд зарлачихсан чинь нэг нөхөр очоод "Миний махыг ид" гээд алуулаад махаа идүүлсэн хэрэг хүртэл гарч байсан байх юм. Нэг талаас эдгээр хүмүүс хоорондоо зөвшилцөөд хийсэн учир хэн нэгний эрхийг зөрчөөгүй, энэ бол "хүний эрх" байж болох л юм. Гэтэл нөгөө талаас нь харвал хүмүүс зөвшилцөөд махаа идэлцээд эхэлбэл юу болох вэ? Тийм аймшигтай нийгэмд амьдрахыг хүсэхгүй, бусад илүү олон хүмүүсийн эрх зөрчигдөх биш үү?. Тийм болохоор л эдгээрийг зохицуулах хууль хэрэгтэй гээд хүмүүс "хууль" гэгч зүйлийг, "төр засаг", "шүүх", "цагдаа" гэгч зүйлсийг бий болгосон гэж ойлгодог.

Энэ бичлэгээрээ хүмүүсийг хууль биелүүлэхийг шаардсангүй, харин хүсэж байна. Зүгээр л өөрийнхөө эрхийг эдлэн энд бичиж байгааг минь ойлгоорой. Мэдээж би таныг ойлгоод, иймэрхүү зүйлтэй тэмцээсэй, дамжуулаасай, өөр хүмүүст яриасай, хүүхдэдээ эдгээрийг ойлгуулж хүмүүжүүлээсэй хүн л юм бол "Хүн" шиг л байгаасай л гэж хүсэх байна.
Ядаж замын хөдөлгөөний дүрмээс эхлээд жижиг дүрэм, хууль бус програм хангамж, хулгайн кино татаж үзэхээс аль болох татгалзахаас л бид хууль дүрмийг баримтлах маань эхэлнэ. Ядаж зөрчлөө гэхэд бусад зөрчигсдийг дэмжихгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Би өөрөө зөрчиж байж яаж хүнд хэлэх вэ гэдэг ч бас буруу юм. Миний алдааг бүү давт гэж хэлэх ёстой шүү дээ. За тэгээд яаж ч яарч байсан хэдхэн секунд ногоон гэрэл хүлээж сурцгаая.
Та өөрийгөө "хулгайч", "бүдүүлэг" гэж нэрлүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Соёлтой, ухаалаг иргэдтэй хөгжиж буй аль ч нийгэмд хууль ямар ч байсан иргэд нь дагаж мөрддөг. Тийм болохоор ч бидний очихыг хүсээд байдаг тэр нийгмүүдийн хөгжил, нийгэм орчин нь элдэв гажиг зүйл, айдас хүйдэс багатай тийм байдаг. Ямар ч байсан хичээцгээе.

За тэгээд жаахан урт бичлэгээр залхаасанд хүлцэл өчье. Танд бага ч болсон зүйл бодогдуулсан байгаасай гэж хүсэж байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа баярлахБас цааш хуулж хүмүүст уншуулах тараахад чөлөөтэй. Дураараа хүссэнээрээ ашиглаж болно. Танд зохиогчийн эрхийг нь шилжүүллээ ;-)

Эх сурвалж нь: http://www.dusal.blogmn.net/

Энэ бичлэг надад их таалагдлаа. Би өөрөө яг ийм байж чаддаггүй ч цаашид хичээх болноо ;-)

.

.

No comments: